Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар дотоодын болон Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван зэрэг улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

Тэтгэлгээр суралцсан түүх: Чевинингийн тэтгэлэгт Иоркийн их сургуулийн эдийн ухааны магистр Оюуны Эрдэнэ-Өрнөх

Г.Сүрэн
     
2018-10-23
  • Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Уншигч та бүхэнд налгар намрын энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу? Олон түмэнд хувь хүний идэр насны зориг, холын бодолтны тэвчээрийг шалгасан мэдлэг олох, дотор хүнээ хүмүүжүүлэх тухайд санаа, сэдлээ солилцох болсондоо таатай байна.

Намайг Оюуны Эрдэнэ-Өрнөх гэдэг. 1982 онд Өмнөговь аймагт төрсөн. 2004 онд Хан-Уул дээд сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр, 2011 онд Монгол Улсын Их Сургуульд Эдийн засгийн онолын магистр, 2015 онд Английн Засгийн газрын тэтгэлэг (Чевинингийн тэтгэлэг)-ээр Йоркийн Их Сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Эдийн засагч мэргэжилтэй.

Би 2005-2010 онд зөвлөх үйлчилгээний “Төгс Шийдэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 2010-2013 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга, 2012-2016 онд Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч зэрэг ажил, алба хашсан. Одоо Цахим Говь ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бодлого судлал, төрийн санхүү, эрүүл мэнд ба боловсролын эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг.

  • Таны суралцсан улсын онцлог нь юу вэ?

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ) бол амьдрах өртгөөрөө дэлхийд хамгийн өндөрт тооцогддог орны нэг. Жишээ нь Лондон хотын орон сууцны дундаж түрээсийн төлбөр Улаанбаатарын түрээснээс долоо дахин, рестораны хоолны дундаж үнэ гурав дахин, хүнсний бүтээгдэхүүний өртөг 2,7 дахин өндөр үнэтэй. Иймээс ажиллах, сурахыг хослуулахын тулд хувь хүнээс их хүч, тэвчээр шаардана. Энэ нь сурлагын амжилтанд сөргөөр ч нөлөөлөх магадлалтай.

ИБУИНВУ-ны хувьд соёл, зан заншил, амьдралын хэв маяг, нийгмийн зохион байгуулалт, иргэдийн сэтгэлгээ Монголоос эрс ялгаатай. Английн хувьд анх очиж байгаа хүмүүст цаг агаар (бороо их орно), хоол, нутгийн аялга, авто замын онцгой дүрэм (баруун гарын дүрэм), нүүр тулсан хүн бүхэн инээмсэглэнэ, гудамж зам нь нарийхан, хүмүүс жижиг машин унадаг гээд олон содон зүйлтэй учирна. Миний хувьд хоол голж шилээгүй өссөн болохоор хоол хүнс нь зохихгүй гэсэн зүйл байгаагүй. Харин зам хөндлөн гарахдаа ирж байгаа урсгалын дагуу буюу буруу тал руугаа харах зуршил нэг сар орчмын дараагаас арилсан.

Монгол, Англи хоорондоо академик орчны хувьд эрс тэс ялгаатай. Анх удаа барууны сургуульд сурахаар очсон болохоор сургалтын орчин, тогтолцоо, системийг хурдан ойлгож авах шаардлагатай байсан. Хичээл сонголтоос эхлээд үнэлгээний систем хүртэл бүхнийг нарийн судалж, өөрийн гэсэн сурах төлөвлөгөөгөө боловсруулж очсон байх нь мэдлэг олоход их тустай.

  • Та ямар тэтгэлэгтэйгээр сурсан (сурч байгаа) вэ?

Миний хувьд Нэгдсэн Вант улсын Засгийн газрын тэтгэлэг (Чевинингийн тэтгэлэг)-ийг 2014 онд ИБУИНВУ-д нэг жил, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Доналд Рамсфелдийн нэрэмжит тэтгэлгээр 2017 онд Америкийн Нэгдсэн Улсад зургаан долоо хоног суралцаж төгссөн.

Миний хамрагдсан Чевинингийн тэтгэлгийн хувьд дараах шалгууртай.

• Монгол улсын иргэн байх.

• Суралцаж төгсөөд эх орондоо ирээд хоёроос доошгүй жил ажиллах.

• Нэгдсэн Вант улсын их сургуулийн магистрын хөтөлбөрийн шаардлагыг хангахуйц бакалаврын зэрэгтэй байх.

• Хамгийн багадаа хоёр жилийн ажлын туршлагатай байх.

• Нэгдсэн Вант улсын гурван их сургуульд суралцах хүсэлтээ илгээсэн, заагдсан хугацаанаас өмнө суралцах урилга авсан байх (2019 оны хувьд энэ хугацаа мөн оны долдугаар сарын 13).

• Заагдсан хугацаанаас өмнө Чевинингийн тэтгэлгээс шаардаж буй хэлний шалгуур (IELTS 6.5 буюу TOEFL iBT 79-өөс дээш)-ыг хангасан байх заагдсан хугацаанаас өмнө хангасан байх (2019 оны хувьд энэ хугацаа мөн оны долдугаар сарын 13).

Чевинингийн тэтгэлгийн хувьд үндсэн гурван шатлалтай гэж хэлж болно. Эдгээр шатлал бүрт анхааралтай хандах хэрэгтэй. Цахим хэлбэрээр тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээдэг. Энэ шатанд өөрийн манлайлах чадвар, холбоо харилцаа тогтоох чадвар, сурах төлөвлөгөө, төгсөж ирээд юу хийх талаараа тодорхой танилцуулах ёстой. Учир нь Чевинингийн тэтгэлэг нь ирээдүйн манлайлагч, бодлого боловсруулагч, салбарын тэргүүлэгчдийг дэмжих зорилготой. Тиймээс дээрх асуултын хариултыг эссэндээ маш сайн шигтгэж өгөх хэрэгтэй. Хоёр дахь шат буюу ярилцлагын шатанд Чевинингийн тэтгэлэгт хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газраас урилга ирснээр орох боломжтой болдог. Ярилцлагын үед байнга тавьдаг асуулт гэж байдаггүй ч асууж болох асуултын жагсаалт гарган, хариултаа бэлдэж болно. Бас ярилцлагын дадлага хийх хэрэгтэй. Ярилцлагадаа амжилттай орсон тухай захидал хүлээн авснаар гурав дахь шатанд орно гэсэн үг. Энэ шатанд Чевинингийн тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс тавьж буй хэлний шаардлагыг хангах, их сургуулийн урилга, болон бусад материалаа заагдсан хугацаанд нь бүрдүүлж өгөх ёстой. Ийн тэтгэлэгт хамруулсан тухай албан ёсны захидал хүсэлт илгээсэн хугацаанаас 11 орчим сарын дараа ирдэг. Энэ бол маш удаан, сэтгэл шаналгасан арваннэгэн сар байх болно. Гэхдээ амжилт бүхэн амархан ирдэггүй биз дээ.

  • Таны хэл сурах арга барил юу байсан вэ?

Сонсож сурахаас л эхэлсэн. Радио нэвтрүүлэг, хүмүүсийн ярилцлага, дуу сонсох болон нэг киног олон дахин үздэг байсан. Мөн ямар нэгэн сонирхолтой ярилцлага эсвэл илтгэлийг сонсоод, түүнийгээ текст болгон буулгаж бичих дасгал давхар хийдэг байлаа. Ингээд зургаан сар орчмын дараагаас ярилцах, харилцахад давхар анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ шатанд хүнтэй ярилцах үед асууж болох асуултууд түлхүү бэлдсэн. Мөн асууж сурах гэж хичээсэн. Асуулт сайн тавьж чадсанаар ярилцлага идэвхтэй өрнөдөг. Ингээд бас л зургаан сар орчмын хугацаа зарцуулж өөрөө ярихдаа илүү анхаарсан. Олны зөвлөдөг унших дасгалыг аль ч үед орхиогүй. Ийн хэл сурах гэж хичээж зүтгэсний ард нэг жил орчим хугацааны дараа бичих чадвараа сайжруулахад илүүтэй анхаарсан.

Миний анзаарснаар хүн сурч буй хэлээрээ өдөр бүр тогтмол хугацаанд сонсох, унших дасгал байнга хийж хэвших нь хэлний чадварыг улам нэмэгдүүлдэг. Гадаад хэл амжилттай сурсан хүмүүс өглөө босохдоо сурч буй хэлээрээ текст тогтмол уншиж, сонсдог. Тиймээс энэ дасгалыг өөртөө хэвшил болгохыг хичээдэг.

  • Тэтгэлэгт хэрхэн хүрсэн вэ?

Чевинингийн тэтгэлэг дээр хэлсэнчлэн гурван үе шаттай. Эдгээр шат бүрт горилогчоос олон төрлийн бэлтгэл шаардана. Тэр болгоныг энд дурьдах боломжгүй. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар анх дотны найзаасаа олж мэдсэн. Улмаар 2014 онд болох сонгон шалгаруулалтад оролцохоор 2012 оноос бэлтгэж эхэлсэн. Миний бие 2011 онд МУИС-ын Эдийн засгийн сургууль дээр эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Энэ мэргэжилдээ л сонирхолтой болохоор надад төрийн удирдлага зэрэг өөр чиглэлээр суралцах бодол төрөөгүй. Чевинингийн тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт орж, зохих нөхцөлийг хангах ёстой. Миний хувьд энэ талаар асуудал гараагүй. Түүнчлэн уг тэтгэлэгт хамрагдах үед суралцах хугацааны Английн виз ямар нэгэн хүндрэлгүй олгогддог.

Харин надад тохиолдсон нэг бэрхшээл нь миний явах ёстой байсан Английн нислэг хоёр цагаар наашилсан байсныг би мэдээгүй. Нислэгийн цаг наашлах болсон талаар МИАТ компаниас надад мэдэгдэх гэсэн боловч надтай холбогдох хаяг тэдэнд байгаагүй юм билээ. Учир нь миний нисэх онгоцны тасалбарыг Англиас захиалсан. Уг захиалгад миний хаяг, утасны дугаар, цахим хаягийг бичээгүй байсан. Ингээд би очих ёстой өдрөөс хоёр хоногийн дараа Англид хүрсэн.

  • Тэтгэлэг тэнцэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

Дээр хэлсэнчлэн миний бие хоёр жил гаруй хугацаанд Чевинингийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ явуулахаар бэлдсэн болохоор хүндрэл буюу хэцүү зүйл бага тохиолдсон. Хүндрэл гэхэд хэцүү боловч Чевинингийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүст анхааруулга болохуйц нэг нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Чевинингийн тэтгэлэгт хүсэлтээ илгээхдээ Английн гурван сургуулийн, гурван хөтөлбөрт суралцах сонирхолтой байгаагаа илтгэдэг. Энэ гурван сургуулийн эхэнд эрэмбэлсэн сургууль нь суралцахаар хамгийн их хүсэж буй сургууль гэх байдлаар эрэмбэ тогтоохыг шаарддаг. Миний хувьд Варвикийн их сургууль, Йоркийн их сургууль, Манчестерийн их сургууль гэсэн байдлаар эрэмбэлсэн. Чевинингийн тэтгэлгийн ярилцлагад тэнцсэний дараа намайг Варвикийн их сургуульд энэ хөтөлбөрийн хүрээнд сургах боломжгүй гэсэн. Учир нь тухайн сургуулийн төлбөр Чевинингийн тэтгэлэгт хөтөлбөрийн заасан хэмжээнээс их байсан. Энэ шалтгаанаар би жагсаалтын дараагийн сургууль болох Йоркийн их сургуульд бүрэн тэтгэлгээр суралцсан.

  • Энэ тэтгэлэгт өрсөлдөх залууст юуг зөвлөх вэ?

Хэрэгжих боломжтой төлөвлөгөөгөө зохиохоос эхлэх хэрэгтэй. Ямар оронд, хэдий хугацаатай, аль сургуульд, ямар мэргэжлээр, санхүүгийн ямар эх үүсвэрээр суралцах вэ зэрэг гол асуудлаа урьдчилан тодорхойлж төлөвлөгөөндөө тусгах ёстой. Гэр бүлтэй бол ганцаараа явах уу, гэр бүлийнхэнтэйгээ очиж суралцах уу гэдгээ урьдчилан төлөвлөх шаардлагатай. Хилийн чандад суралцах хүсэлтэй залуусын ихэнх нь дараа жил л явмаар байна гэдэг ч тэд огт төлөвлөөгүй буюу бэлтгэлээ хангаагүй байдаг. Сайн төлөвлөөгүй учраас урьдчилан тодорхойлоогүй саад эсвэл дутуу үнэлсэн бэрхшээлтэй тулгардаг. Эцэстээ ихэнх хүний хувьд гадагшаа сурах хүсэл нь бүдгэрэх буюу би чадахгүй юм байна гэсэн хийсвэр бодол төрөхөд хүргэдэг. Тухайн хүний чадвар (гадаад хэл, мэргэжил, дадлага) нь хамрагдахаар зорьж буй тэтгэлэгт хөтөлбөр болон сурах хүсэлтэй их сургуулийн шаардлагад нийцэж буй эсэхээс хамааран 2-4 жилийн өмнөөс бэлтгэж эхлэх хэрэгтэй.

Үүнээс гадна өмнө нь тэтгэлгээр суралцаж байсан хүмүүсийн зөвлөгөө маш чухал. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүст тавигдаж буй шаардлагад тулгуурлан өөрийн бэлтгэлээ маш сайн хангасан байх ёстой. Яагаад та өөрийгөө тухайн тэтгэлэгт шалгарах ёстой гэж бодож байгаа юм бэ? Та өрсөлдөгчдөөсөө юугаар илүү вэ, ямар давуу талтай вэ? гэсэн асуултад өөрийгөө хууралгүй, чин үнэнээр хариулах хэрэгтэй. Эдгээр асуултын хариулт таны тэтгэлэгт хамрагдах үндсэн нөхцөл болдог.

  • Та яагаад эдийн засагч мэргэжил сонгосон бэ?

Миний хувьд энэ мэргэжлээ 1999 онд Хан-Уул дээд сургуульд математикийн зуны сургалтад сууж байхдаа сонгосон. Ер нь тэр үеийн хандлага, буянт багш нарын нөлөөгөөр л энэ мэргэжилд хараагаа чиглүүлсэн гэж боддог. ИБУИНВУ-д сурахдаа Варвик, Йорк, Манчестер гэсэн гурван их сургуулиас алийг нь сонгох вэ гэсэн шийдвэрийг бас л зөвлөх, багштайгаа хамт гаргасан. Тухайн үед доктор Б.Эрдэнэбат бид хоёр ярилцаад IDEAS системд эдийн засгийн танхим буюу сургуулийн эрэмбээр Английн дээд зэрэглэлийн сургуульд хүсэлтээ илгээе гэж шийдсэн.

  • Таны амьдралаас олж авсан хамгийн том туршлага юу вэ?

Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Миний хувьд гудамжинд үүргийн худалдаа хийж өдрийг хоолоо залгуулдаг, “хар зах” дээр тэрэг түрж өвлийн дулаан хувцастай золгодог байсан ч 1998 оноос эхлэн баруунд боловсрол олох тухай мөрөөдөж эхэлсэн. 15 жилийн хугацаанд надад мөрөөдлөө орхимоор үе зөндөө байсан. Гэхдээ миний ганц хатуу шийдвэр бол мөрөөдлөө орхихгүй, бууж өгөхгүй байх явдал байлаа.

  • Таны хэлэх хамгийн дуртай үг, амьдралдаа баримталж явдаг зарчим юу вэ?

Яарахгүй, зогсохгүй. Энэ нөхөр яагаад ийм үг хэлэв гэж уншигчид бодож, эргэцүүлэх нь миний тайлбараас илүү тэдэнд хэрэгтэй байх гэж бодож байна.

Тантай ярилцахад таатай байлаа.