6 минут уншина
2022-07-01
Г.Оюу-Эрдэнэ: Амжилтанд хүрэхийг зорьсон бол бусадтай өөрийгөө харьцуулж болохгүй
#Илвүү сангийн тэтгэлэг
#ярилцлага
ЮУНЫ ӨМНӨ БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВСАН ТАНД БАЯРЛАЛАА

Мөн намайг урьж ярилцлага авч байгаад баярлалаа.

ТА МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ?

Сайн байцгаана уу? Намайг Гантөмөр овогтой Оюун-Эрдэнэ гэдэг. БНСУ-ын Инчон хотын ИНХА их сургуульд Олон Улсын Банк, Санхүү мэргэжлээр суралцдаг. Одоо 1-р курсийн оюутан. 10 жилээ нийслэлийн 2-р сургуульд төгссөн. Айлын том эгч, 2 эрэгтэй дүүтэй.

Image
ТА ЯГ ОДОО ЯМАР ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАЖ БАЙГАА ВЭ?

Солонгосын Ханжин грүпийн ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР Инха их сургуульд Олон Улсын Санхүү, Банкны Менежмент-ийн мэргэжлээр суралцаж байгаа.

(Илвүү сангийн тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг

энд

дарж харна уу.)

ТАНЫ ТЭТГЭЛЭГТ ХҮРЭХ АЯЛАЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ? ЯМАР БЭРШЭЭЛҮҮДИЙГ ТУУЛСАН БЭ?

Хамгийн анх гадагшаа явж сурах хүсэл минь 8-р ангид байх үеэс эхэлсэн. 8-р ангид байхдаа Герман явж сурах хүсэл эрмэлзэлтэйгээр Герман хэлийг өөрөө бие даан үзэж, түүний дараагаар 10-р ангиасаа англи хэлэндээ түлхүү анхаарч, хэлний чадвараа сайжруулахаар ханцуй шамдан орсон. Ямар ч тэтгэлэгт тэнцэхийг хүссэн суурь шалгууруудын нэг бол яахын аргагүй хэлний чадвар билээ. Тиймдээ ч англи хэлээр ярьж сурдаг болох гэж маш олон аргыг туршиж үзсэн. Алдаа гаргахаасаа айхгүйгээр бусдын өмнө маш олон удаа алдаж, тэр бүрээсээ суралцсаар ирсэн. Уг тэтгэлэгт хүрэх аялал минь хэзээнээс эхэлсэн бэ гэвэл англи хэлний чадвараа сайжруулах гэж оролдсон үеэс гэж хариу хэлэх байна. Учир нь тэр үед өөрийн англи хэлийг боломжийн түвшинд байна гэж бодчихсон явж байгаад англи хэлний сургалтанд өөртэйгөө адил түвшний хүүхдүүдтэй суралцаж, өөрийгөө ямар түвшинд англи хэлийг сурч байгааг ойлгож авсан юм. Үнэнийг хэлэхэд тухайн үед миний англи хэлний түвшин маань сургалтны ангийнхантай харьцуулахад муу байсан юм. Тухайн үеэс би өөрийгөө илүү их дайчилж, хичээн суралцаж эхэлсэн юм. Ингээд 3 сар гаран англи хэлний сургалтанд сууж, хичээлээ англи хэл дээр суралцаж явсаар нэг мэдэхэд англи хэл маань мэдэгдэхүйц сайжирчихсан байсан. Түүний дараагаар гадаад хэл дээр ярьж болох янз бүрийн апп-уудыг туршиж, гадаад найзуудтай болсноор англи хэл сурах аялал минь жинхэнэ утгаар эхэлсэн юм даа. Тухайн үед танилцсан найзуудтайгаа одоо хүртэл холбоотой байдаг бөгөөд ирээдүйд уулзах төлөвлөгөөтэй байгаа. Англи хэлээ сайжруулахын тулд маш олон аргыг туршиж, хаана л үнэгүй туршилтын англи хэлний хичээл байна тэр болгонд хамрагдаж, алдах үедээ алдаж, онох үедээ оносоор одоогийн тэтгэлгийг авах хаалга минь нээгдсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл уг тэтгэлгийг авахад хамгийн хүчтэйгээр нөлөө болсон зүйл гэвэл өөрөөсөө илүү мундаг, амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлж, тэдгээрээс суралцсан явдал минь гэж боддог.

ТА ӨӨРИЙН СУРАЛЦАЖ БАЙГАА СУРГУУЛИЙГ ТАНИЛЦУУЛААЧ?

Манай Инха их сургууль нь БНСУ-ын Инчон хотод байрладаг бөгөөд инженерчлэлийн чиглэлээрээ алдартай. Мөн БНСУ-ын хамгийн анхны ерөнхийлөгч И Сын Ман 1954 онд үүсгэн байгуулсан сургууль юм.

Image

(Сургуулийн веб:

https://eng.inha.ac.kr/eng/index.do

)

ЯГ ТАНЫ ХҮРСЭН БОЛОМЖИЙГ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ЗАЛУУСТ ЮУ ЗӨВЛӨХ ВЭ?

Юуны түрүүнд өөрийгөө бусадтай харьцуулж битгий дутуугаар үнэлээрэй гэж хэлэх байна. Миний хувьд улсын сургууль төгссөн учраас хувийн мундаг сургууль төгссөн хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулж, англи хэл болон бусад чадваруудаа дутуугаар үнэлж, өөртөө итгэлгүй болсон үе олон байсан. Жишээлбэл, Илвүү сангийн тэтгэлэгт тэнцэх шалгуурын нэг болох англи хэл дээр эсээ бичих, ярилцлага өгөх зэрэгт өөрийгөө хувийн сургуулийн хүүхдүүдээс муу учраас чадвар дутуу гэж маш их айж байсан. Гэсэн хэдий ч өөртөө итгээд, өөрийгөө сорьж үзэхээр шийдээд тэтгэлэгт өргөдлөө илгээж байсан даа. Мөн 10 жилийн сурагч байхдаа хичээл бүрийн даалгаврыг маш сайн хийдэг байсан. Хийнэ гэсэн бол яаж ийж байгаад л хийдэг. Хэлсэн бол хэлсэн үгэндээ заавал хүрэх ёстой гэсэн зарчмаар суралцсаар ирсэн. Хичнээн ачаалалтай байсан ч цагаа зөвөөр зохицуулж чадвал маш олон ажлыг ч амжуулах боломжтой учраас тэр. Түүнчлэн амжилтанд хүрэхийг зорьж байгаа бол бусадтай өөрийгөө харьцуулж огтхон ч болохгүй. Хэрвээ бусадтай өөрийгөө харьцуулвал тэр дороо урам зориг мохож, өөрийн хөгжил дэвшилдээ сэтгэл хангалуун бус байдалд хүрэх аюултай. Юуны төлөө ингэж суралцаад байна вэ гэх мэтийн бодлууд гэнэт төрж, зүгээр л бүгдийг орхиод хаячихмаар бүр шантрах үе маш олон тохиолдох болно. Энэ үед яаж замдаа үргэлжлүүлэн гарч, хийх ёстой зүйлсээ хийсээр байх вэ гэвэл юуны түрүүнд өөрийн зорилгыг сайтар төлөвлөсөн байх хэрэгтэй. Ингэж чадвал хичнээн хэцүү үе тохиолдсон ч тухайн үедээ өөрийн зорилго, төлөвлөгөөгөө эргэн нэг харвал шантралгүйгээр замдаа үргэлжлүүлэн мордож чадна. Амжилтанд хүрье гэж бодож байвал хүрээлэл маш чухал гэж хэлэх байна. Чиний амжилтанд өмнөөс чинь баярладаг, үргэлж урмын үгсийг харамгүй хайрладаг тийм хүрээлэл. Түүгээр ч зогсохгүй алдах үед чинь хамт байж урам зориг өгдөг тийм хүрээлэл. Би хувьдаа бусад хүн намайг дутуугаар үнэлэх үед юм уу аль эсвэл басах үед улам илүү эрч хүчтэй болж, зориг ордог. Энэ тал минь хачирхалтай ч миний давуу тал гэж боддог. Мөн илүү ахиц дэвшилтэй явъя гэж бодож байвал өөрөөсөө хавь илүү хүрээлэлд ороод үзээрэй тэгвэл тэр хэрээр хөгжих болно. Тэгэхгүй бол хүн байгаа орчиндоо дасаад өөрийгөө хангалттай сайн гэж бодоод, хөгжиж явснаа зогсчих талтай учраас тэр.

ӨӨРИЙНХӨӨ СОНГОСОН МЭРГЭЖЛИЙН ТАЛААР, ЯАГААД ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН БЭ?

Бүр багаасаа л 10-р анги хүртлээ хүнд алт шиг үнэтэй амь нас бэлэглэдэг эмч болохыг хүсч мөрөөддөг байлаа. Тэр дундаа хүний мэс заслын эмч... Гэвч ахлах ангидаа ороод энэ мөрөөдлөө орхихоор шийдсэн юм. Түүнд маш олон шалтгаанууд байсан ба өөртэйгөө маш сайн ярилцсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байлаа. Харин яагаад ОЛОН УЛСЫН САНХҮҮ, БАНК-ны чиглэлээр мэргэшиж сурахаар болсон бэ гэвэл өөрийн сонирхол дээрээ тулгуурласан гэж хариулах байна. Мэдээжийн хэрэг, математикийн хичээлдээ дуртай байхын хажуугаар мөнгө санхүү төлөвлөлт, зохицуулалт гэхлээр миний сонирхлыг ихээхэн татдаг байлаа. Түүнчлэн улс орны хөгжил гэвэл тухайн орны эдийн засаг, санхүүгийн байдалтай шууд холбогдох болоод ч тэр үү санхүүгийн чиглэлээр мундаг боловсон хүчин болвол монгол улсаа хөгжүүлэхэд хувь нэмэр болж чадах юм шиг санагдсан учраас тэр. Үүний хажуугаар ирээдүйд санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн бирж, бонд, хувьцаа, үнэт цаас зэрэг нь хөгжих төлөвтэй байгаа учраас тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж мэргэжлээ сонгосон юм. Товчхондоо дүгнээд хэлвэл, өөрийн сонирхол, ирээдүйд хөгжиж болох алсын хараа, өөрийн чадвар зэргийг үндэслэн уг мэргэжлийг сонгож байсан юм.

Image
ГАДААД ХЭЛ СУРАХАД ЯМАР АРГА БАРИЛ АШИГЛАСАН ВЭ?

Хамгийн анх англи хэлний түвшингээ үнэн зөвөөр тодорхойлуулж, өөрт тохирсон түвшний ангид сууж байлаа. Ингэхдээ 3 сарын хугацаанд суралцсан юм. Үүний дараа өөрөө гэртээ бие даан, англи хэлээ улам сайн сурахыг хүссэн учраас интернетээс тэр дундаа youtube-ээс маш олон бичлэгүүд үздэг байсан. Эхэндээ нэг л сайн ойлгож өгөхгүй байсан ч зүгээр л үздэг байлаа. Зарим үед англи хадмалтай нь үздэг байсан юм. Хаана л англи хэлний үнэгүй туршилтын хичээл байна тэнд оролцонгоо түвшингээ тодорхойлуулдаг байлаа. Тэгээд гадаад хэл дээр ярих апп ашиглаж, гадаад найзуудтай болж, зуны амралтаараа өдөр болгон 1-2 цаг англи хэл дээр ярьсаар нэг мэдэхэд англи хэлний ярианы түвшин минь илт сайжирсан байсан. Зарим үед өөртэйгөө англиар ярина, бодно. Гэртээ байхдаа гэрийнхэн надаас асуулт асуувал англиар хариулна гэх мэт. Ингэж өөрийн сурсан шинэ үг, дүрмийг ашиглаж сургуулилт хийдэг байсан юм. Үүний ачаар алдаа гаргалаа ч гэсэн тэр дор нь алдаагаа мэдээд засчихдаг байлаа. Үг цээжлэхдээ мэдээж бусад хүмүүсийн адилаар хуулан бичих, өгүүлбэрт оруулах, flashcard хийх, халаасны дэвтэр хийгээд автобусанд явж байхдаа харах, наадаг цаасан дээр бичээд наах зэрэг маш олон аргыг туршиж үзсэн. Эдгээр арга барилыг англи хэл сурах хугацаандаа туршиж үзээд энэ аргуудаараа суралцсаар ирсэн болохоор дараагийн хэлээ сурахдаа дээрх аргуудаа ашигласнаар харьцангуй богино хугацаанд хурдацтайгаар сурч чадсан. Солонгос хэлийг яг л энэ аргаараа 5 сарын хугацаанд сурсан гэхэд дажгүй сайн түвшинд сурч чадсан гэж боддог. Заавал туршаад үзээрэй. Үүн дээр нэмээд солонгос хэл сурахдаа мэдээ маш их сонсдог байсан мөн нүдэндээ солонгос үсгийг дасгахын тулд бичвэр их уншиж, хуулан бичлэг их хийдэг байсан юм. Ингээд хэлээ сайн сураад ирэхлээр сурсан хэлээрээ ярингаа гадаад найзуудтай болох хамгийн гоё зүйл байсан.

Image
ТА ХИЧЭЭЛИЙН БУС ЦАГААР ЮУНД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА ВЭ?

Хичээлийн бус цагаар өөрийнхөө дуртай зүйлийг хийнгээ эрч хүч авахыг илүүд үздэг. Тухайлбал, монгол уран бичлэгээр хичээллэж бүтээл туурвих дуртай. Ингэснээр монгол өв соёлоо бусдад түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, бусад улс орныхонд өөрийн улсаа сурталчилж, таниулж мэдүүлэх сайхан арга зам болж өгдөг. Түүнчлэн хүн бүр хэцүү үетэй нүүр тулах нь мэдээж. Тэр үедээ би бүжиглэх аль эсвэл эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх дуртай. Тэр дундаа сагс, волейбол тоглох дуртай. Ингэснээр стрессээс ангижирч, бүх зүйл сайхан болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Олон зүйлийг туршиж үзэх сонирхолтой учраас урлаг, спорт гээд тал бүрд хийж чаддаг зүйлстэй байхыг хичээдэг. Тиймдээ ч өмнө нь ардын хөгжим тоглодог байсан. Харамсалтай нь ардын хөгжим тоглохоо болиод удаж байна. Мөн завтай үедээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх хамгийн сайхан санагддаг. Зуны амралт болмогц гэрийнхэнтэй аялаж, дүү нартайгаа цагийг сайхан өнгөрүүлэхийг их хүсдэг болсон.

Image
ТА ИРЭЭДҮЙД ЮУГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ?

Юуны түрүүнд БНСУ-д сурах хугацаандаа сурч мэдсэн бүхий л зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсч байна. Өөрийн хамрагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд, тэдгээр боломжуудын талаар ярилцаж, зөвлөгөө өгөхыг хүсдэг. Түүнчлэн өөрийн мэргэжлийг сайтар эзэмшиж, гадаад улсад ажиллаж, туршлага хуримтлуулж байгаад Монгол улсдаа ажиллахыг хүсдэг. Хэдийгээр өндөр хөгжилтэй оронд сурч төгсөөд, чадварлаг боловсон хүчин болох хэдий ч эх орондоо ажиллахыг илүүд үзэх болно. Бакалавраа БНСУ-д суралцаж төгсөөд, түүний дараагаар магистр, докторын зэргээ Европын оронд тэр дундаа Герман аль эсвэл АНУ-д суралцах хүсэлтэй байгаа. Үүний тулд хамгийн сайнаараа хичээж, амжилттай суралцсаар байх болно. Өөртөө тавьсан зорилтуудын нэгээс сонирхуулвал 25 нас хүрэхээсээ өмнө 5 хэл сурах мөрөөдөлтэй байгаа. Түүнчлэн сурангаа маш олон орноор аялахыг хүсдэг.

Image
ТАНТАЙ ЯРИЛЦАХАД ТААТАЙ БАЙЛАА. БАЯРЛАЛАА.

Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore