6 минут уншина
2022-07-28
Э.Энхцацаралт: Миний хувьд сурах хугацаандаа олон орноор аялсан
ЮУНЫ ӨМНӨ БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВСАН ТАНЬД БАЯРЛАЛАА. ТА МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ?

Сайн байна уу. Намайг Энхжаргалын Энхцацралт гэдэг. Ахлах сургуулиа Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн. Бакалавраа

Minerva

их сургуулийн сэтгэл судлалаар дипломоо хамгаалаад одоо эх орондоо ирсэн байна.

Image
ТА ӨӨРИЙН СУРАЛЦАЖ БАЙСАН СУРГУУЛИА ТАНИЛЦУУЛААЧ. МӨН ЯАГААД ЭНЭ СУРГУУЛИЙГ СОНГОХ БОЛСОН БЭ?

Би төгсөх ангидаа гадаадын 12 их дээд сургууль руу өргөдөлөө явуулсан боловч бүгдэнгээс нь татгалзсан хариу авч байсан юм. Тийм учраас тэр жилдээ "gap year" буюу нэг жилийн чөлөө авахаар шийдсэн юм. Энэ хугацаандаа АНУ-ын

Minerva

Их Сургуулийн талаар олж мэдээд шууд өргөдлөө early decision-оор явуулсан болохоор хариу маань эрт ирсэн. (Early decision – Эрт шийдвэр буюу их сургуулийн үндсэн бүртгэлээс эрт явагддаг, тэнцэх магадлал харьцангуй өндөр бүртгэл юм) Маш их сонирхож байсан сургуульдаа тэнцсэн болохоор ахиж өөр сургуулиуд руу өргөдөлөө явуулаагүй.

Minerva их сургууль нь 2012 онд байгуулагдсан шинэ сургууль ч гэсэн бусад их сургуулиудаас ялгаатай нь 4 жилийн хугацаанд 7 орноор аялдаг онцлогтой. Эхний жилдээ Сан Франциско, хоёрдугаар жилдээ Солонгос ба Энэтхэг, гурав дахь жилдээ Герман ба Аргентина, сүүлийн жилдээ Их Британи ба Тайвань зэрэг орнуудаар аялдаг.

Миний хувьд сурах хугацаандаа маш их орнуудаар аялсан. Солонгосоос Япон, Энэтхэгээс Сингапур, Германаас Нидерланд гээд л. Ойрхон байдаг улсуудаар нь бас аялах боломжтой байсан учраас тэр нь их таалагдсан. Түүнээс гадна миний амьжиргааны зардал тэтгэлэгтээ орчихдог учраас маш амар байдаг.

Minerva их сургуулийн холбоос:

https://www.minerva.edu/
ТА СУРАЛЦАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ЯМАР ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦСАН БЭ?

Minerva их сургууль нь шинээр байгуулагдсан сургууль учраас бусад Harvard, Stanford, Princeton гэх том сургуулиудыг бодвол тэтгэлийн сан нь харьцангуй бага ч гэсэн хэрвээ сургуульдаа тэнцээд орчих юм бол хүссэн хэмжээгээр нь тэтгэлэг олгодог. Манай сургууль жилийн $30000-ийн төлбөртэй сургууль боловч миний хувьд $25000-ийн тэтгэлэг аваад $5000-ийг нь сурагчийн зээл болгож авсан.

ТАНАЙ СУРГУУЛЬ ТЭТГЭЛЭГ ОЛГОХДОО ЯМАР ШААРДЛАГА ТАВЬДАГ ВЭ?

Сургуульдаа тэнцчих юм бол тэтгэлэг авах хүсэлтээ сургуульдаа гаргаад бусад шаардлагатай материалуудаа бүрдүүлдэг. Үүнд эцэг эхийн цалингийн хэмжээ, хадгаламж гэх мэт материалуудаа хавсаргаж, өөрийн санхүүгээ баталгуужуулсны дараа сургуулиас тэтгэлийн хэмжээ ирдэг. Гадаадад суралцах сонирхолтой монгол хүүхэд залуучуул манай сургууль руу өргөдөлөө явуулбал тэтгэлэг авах боломж нь илүү гэж би боддог. Учир нь Монголын дундаж цалингийн хэмжээ Америктай харьцуулахад маш доогуур байдаг учраас тэтгэлэг авах боломжийг нь нэмж байгаа юм.

Image
ТАНЫ ТЭТГЭЛЭГТ ХҮРЭХ АЯЛАЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ?

Дунд сургуулийн 11-р ангиас минь эхэлсэн. Тухайн үед Америк дахь Монгол Оюутнуудын холбоо, Tomujin, Зориг сангийн MYSP зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдаж, Америкийн сургуулиуд нь Английн сургуулиудыг бодвол илүү тэтгэлэгтэй байдгийг мэдэж авсан. Тиймээс Америкийн их сургуулиуд руу өргөдөлөө явуулахаар бэлдэж эхэлсэн билээ. ACT, TOEFL, IELTS гэх шаардлагатай бүх шалгалтуудаа өгөхийн хажуугаар олон удаа эсээ бичиж, өөрийгөө бэлддэг байсан.

ӨРГӨДЛӨӨ БЭЛТГЭХ ЯВЦАД ХЭР ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ ГАРЧ БАЙСАН БЭ? ХАМГИЙН ТОМ ТУЛГАРСАН АСУУДАЛ ТАНЬ ЮУ ВЭ?

12-р ангид их сургуулийнхаа өргөдөлөө бэлдэхийн хажуугаар ЭЕШ давхцаж, цаг хугацааны хувьд маш давчуу санагдаж байсан. Миний хувьд цаг хугацаа хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь. Тэгэхээр эртнээс нарийн төлөвлөгөөтэй бэлдэх нь илүү үр дүнтэй шүү.

ТА НЭГ ЖИЛИЙН ЧӨЛӨӨ АВСАН ХУГАЦААНДАА MINERVA СУРГУУЛЬД ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА ЯМАР МАТЕРИАЛУУД БЭЛДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН БЭ?

Манай сургууль нь бусад америкийн их сургуулиудаас ялгаатай нь ACT болон Personal statement шаарддаггүй

. Яагаад гэвэл ACT өгөхөд үнэтэй байдаг учраас манай сургууль өөрсдийн гэсэн шалгалтын процесстой байдаг. Энэ шалгалт нь сургуулиас авч байгаа тул үнэ төлбөргүй байдаг ба үүгээрээ оюутнуудаа шалгаад авчихдаг. Шалгалт нь математик, эсээ, IQ, ярих чадвар мөн дээрээс нь ярилцлага гэсэн үе шатуудтай. Эсээний үе шатанд надад өгөгдсөн сэдэв нь “Хэрвээ чи Солонгосд $100-той байсан бол чи яаж амьдрах байсан бэ?” гэсэн асуулт байсан. Үүнээс гадна бүтээлч сэтгэлгээг шалгах зорилгоор нэг дасгал хийлгэдэг. Жишээлбэл, надад нэг машины дугуй өгсөн ба үүнийг машины дугуйнаас өөр ямар зориулалтаар ашиглах боломжтой талаар асууж билээ. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хийж байсан төсөл зэргүүд маань маш их ач холбогдолтой байсан.

Image
СУРЧ БАЙХ ХУГАЦААНД ТАНЬ ЯМАР ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛС ТОХИОЛДОЖ БАЙСАН БЭ?

Миний хувьд сэтгэл зүйгээ тогтвортой байлгах хамгийн хэцүү байсан. Монголийн нийгэм хэцүүхэн, боломж багатай тэр үед би гадаадад боловсрол эзэмшчих юм бол сайхан амьдрах гээд байна гэсэн итгэл үнэмшилтэй бүх юмаа бэлддэг байсан. Зорилгоо биелүүлчихсэн чинь цаашдаа яахаа мэдэхгүй болсон учраас амьдралын том том асуултууд ургаж гарч ирсэн.

Түүнээс гадна би өөрийгөө Англиар асуудалгүй ярьж чаддаг гэж бодсон ч орчинд нь ороод ирэхээр маш өөр юм байна лээ. Хүмүүстэй ярилцах үед ярих юмаа тухтай бодох цаг гардаггүй. Өмнө нь англиар хэлэх зүйлээ бодоод дараа нь ярьдаг байсан бол тэнд бодонгоо ярих ёстой болсон. Тиймээс анхандаа нэг л дасаж өгөхгүй байсан учраас social anxiety буюу өөрийгөө бусдаас доогуур үзэх синдормтой болсон байсан. Би энд байх ёсгүй, манай сургууль алдаа гаргаад намайг авсан байна, би энэ хүүхдүүдээс доогуур түвшинд байна тэрийг минь мэдчих вий дээ гэсэн сэтгэл зүйн асуудлуудтай болчихсон байсан.

АСУУДАЛ ТУЛГАРАХАД, ШАНТРАХГҮЙГЭЭР ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өөрийгөө сайн ажиглах хэрэгтэй. Миний хувьд хэцүү байсан ч шүд зуугаад цаашаа явах ёстой, сургуулиа заавал төгсөх болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан.

Хэцүү байсан ч гэсэн урагшаа явах ёстой

гэх сэтгэлгээ гэх үү дээ. Ер нь тийм сэтгэлгээтэй байвал хүн бүхэнд ач тустай.

Мөн би өдөр бүр 15 минут бясалгал хийдэг. Бясалгал хийхэд бүх зүйл амар амгалан болчихгүй ч гэсэн хонгилийн үзүүрт гэрэл цухуйж байгаа мэт мэдрэмж өгдөг нь гайхалтай санагддаг.

ГАДААД РУУ СУРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ?

Адилхан зорилготой хэн нэгэнтэй хамтдаа бэлддэг болох хэрэгтэй. Мөн найздаа өөрийн сэтгэлээ онгойтол ярилцдаг байвал сайн. Миний хувьд gap year буюу завсар жилийн үед бүх зүйл маань давхцаад, стрессдээд, бүх юм болохгүй байгаа юм шиг санагдаж байсан. Түүнээс болоод нэг мэдэхэд сэтгэл гутралд орчихсон байж билээ. Нэг л буруудвал юу ч болж магадгүй байх байсан. Гэхдээ тэр үед Tomujin-гийн Батжин ахтайгаа уулзаж, өөрийн дотор цугларсан бүх зүйлээ ярьж, сэтгэлээ уудлаад амь аврагдсан байх аа. Иймэрхүү үед хэн нэгэнд өөрийн сэтгэлээ нээж, ярилцаж, сэтгэл зүйгээ удирдаж байх нь маш чухал шүү.

Image
ТА АНХНААСАА СЭТГЭЛ СУДЛАЛААР СУРАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН УУ?

Явцдаа сэтгэл судлалаар сурахаар болсон. Би ахлах сургуульдаа математик, физик хоёрыг илүү дагнаж суралцдаг байсан. Тиймээс АНУ-д очоод инженер болох зорилготой явж байсан. Гэтэл тэнд очтол бүх зүйл миний хувьд эсрэгээрээ эргэсэн юм. Бодит байдалтай нүүр тулж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж эхэлсэн. Би ер нь бэлэн биш байгаа юм байна, өөрийгөө илүү ойлгож, өөрийнхөө сэтгэл зүйг тогтвортой байлгах тал дээр илүү ажиллах хэрэгтэй юм байна гэж бодоод, энэ талаар судалж эхэлсэн. Судлах тусам илүү ихийг мэдмээр, илүү сонирхолтой санагдаж эхэлсэн учраас сэтгэл судлалаар сурахаар шийдсэн. Миний хувьд инженерээр сурснаас илүү сэтгэл зүй нь илүү гос байгаа. Яагаад гэвэл өөрийнхөө дуртай зүйлийг судалж, амьдралынхаа утга учрыг зах зухаас нь ойлгоод эхлэхээр өөрөө тэрнээсээ маш их таашаал авж эхэлдэг.

СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР СУРАХААР БОЛОХОД НЬ ЭЦЭГ ЭХ ТАНЬ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

Намайг анх сэтгэл зүй сонгоод суръя гэхэд аав, ээж хоёр маань их айдастай байсан. Нэг өдөр хамтдаа сууж байгаад сэтгэлзүйгээр сурвал маш олон боломжууд байдаг талаар, мөн заавал эмчилгээний сэтгэлзүй байх албагүй гэдгийг ойлгуулсан. Жишээлбэл, спортын сэтгэлзүй буюу тамирчдыг илүү өндөр үзүүлэлттэй болгохын тулд тэдний сэтгэл зүйг нь эртнээс бэлтгэх, сургах тал дээр ажилладаг хүн байж болно. Тэрнээс гадна сэтгэл зүйгээр нэг сурсан байхад хүнд бүтэн амьдралын маш хэрэгцээтэй мэдлэг болж үлддэг. Ингээд ээж аавдаа сэтгэл судлал нь олон салбартай нийлж болдгийг тайлбарлахад намайг ойлгоод, зөвшөөрч билээ.

ХҮҮХДҮҮД ИХЭВЧЛЭН ТОМ, НЭР ХҮНДТЭЙ СУРГУУЛЬ РУУ МАТЕРИАЛАА ЯВУУЛАХДАА ТЭНЦЭХ БОЛОВ УУ ГЭЖ ЭМЭЭДЭГ. ХУГАЦАА АЛДАХ БАЙХ Ч ГЭЖ БОДДОГ. ЭНЭ ТАЛ ДЭЭР ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Сургуулиуд аливаа оюутнуудыг өөрсдийнх нь соёлд таарж байна уу үгүй юу гэдгийг нь харгалзан, тэнцүүлж авдаг. Хэрвээ өөрийгөө Harvard-ын соёлд таарч байна гэж бодож байвал явуулах хэрэгтэй. Таарахгүй гэж бодож байвал явуулах шаардлаггүй ээ (нэг өргөдөл явуулахад 200 300 доллараар шатаж байгаа учраас). Би Harvard, Stanford, Princeton гэх том сургуулиуд руу материалаа явуулаад тэнцээгүй. Гэхдээ тэнцээгүй гээд сэтгэлээр унаад хэрэггүй ээ. Өөр зөндөө боломж байгаа гэдгийг санах хэрэгтэй шүү.

Image
ТА ИРЭЭДҮЙД ЮУГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ?

Би одоо сургалтаа хийх гээд явж байгаа. Гэгээмэр гэдэг нэртэй. Зуны хугацаанд өөрийн найзтайгаа нийлээд сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж байна. 9 сарын 10- 12 сарын 10 хүртэл 4 сарын хугацаанд 20 хүүхэдтэй анги үүсгэх гээд явж байгаа.

ТАНТАЙ ЯРИЛЦАХАД ТААТАЙ БАЙЛАА. БАЯРЛАЛАА.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore